12 өрхөд албан мэдэгдэл хүргэлээ

136375942_1601995116658533_1621133771554938927_o.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу  аймгийн төвийн айл өрхөд гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт зохион байгуулж, иргэдэд заавар зөвлөмж өгч ажиллалаа.

өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс энэ сарын 05-ны өдрийн хугацаанд зохион байгуулсан шалгалтад 1200 гаруй өрхийг хамруулснаас нийт  2600 зөрчил дутагдлыг илрүүлэн хяналт шалгалтын хүрээнд 1920 зөрчлийг арилгуулж, бусад зөрчил дутагдлыг арилгуулахаар заавар зөвлөмж өгч ажилласан.  нийт илэрсэн зөрчлөөс цахилгаан утасны ачаалал хэтрүүлсэн, пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангаагүй, стандартын шаардлага хангахгүй халаалтын хэрэгсэл ашигласан, үнс нурмыг ил задгай асгасан зэрэг нийтлэг зөрчил дутагдлаас гадна зориулалтын бус газар өвс их хэмжээгээр хадгалсан зөрчил илэрч байлаа.

үүнтэй холбогдуулан өвс  их хэмжээгээр хадгалсан болон мал бүхий 12 өрхөд галын аюулгүй байдлыг хангуулах талаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан  “Мэдэгдэл” хүргүүллээ.

цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өвс тэжээл нэг дор их хэмжээгээр хадгалснаас айл өрхийн галын аюулгүй байдал алдагдах эрсдэл өндөр байгаа тул дараах зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангахыг иргэд та бүхэнд зөвлөж байна.

– Салхины зонхилох чиглэлийн доор буюу хатуу түлш хэрэглэж байгаа гэр байшингаас 70 м-ээс дотогш өвс хураахгүй байх

– Өвсийг 100 боодлоос дээш тоогоор нэг доор хурахгүй байх

– Малын хашаа хорооноос 10 м зайд өвсийг хашаалж хураах

– Үнс нурмыг ил задгай асгахгүй байх, зориулалтын тагтай төмөр саванд хийх,

– Тээврийн хэрэгслийг өвс хураасан газраас 20 метрээс дээш зайд байрлуулах, 

– Гэр, байшин сууцнаас 50 метрээс дотогш өвс хураахгүй байх, 

– Өвс тэжээл хураасан хашаанд ил гал гаргахгүй байх,

– Өвс ачсан машиныг түр байрлуулахдаа гэр, сууцнаас 30-аас доошгүй метрийн зайд байрлуулах,

– Айл өрх хашаандаа өвс хураахгүй байхыг зөвлөж байна.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top