Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын А/109 дүгээр захирамжийн дагуу аймгийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудыг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулах дадлага сургуулийг зохион байгуулна.

Дадлага сургуулийн зорилго нь газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг ард иргэдэд эзэмшүүлэх юм. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулна.
-Эхний дохио дуугарахад иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээх ёстой. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээгээрэй. Харин тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ.

– Хоёр дахь дохио дуугарахад албан байгууллага болон гэрээсээ толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларах юм байна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.

-Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгөх үүрэгтэй.