Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Борооны өмнө салхи түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  15-20 градус, Их нууруудын хотгор болон Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говь тал, хээрийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-14-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 15-16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багт “Дэлгэрмөрөн” цогцолбор бага сургууль шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 06:38 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрСэлэнгэ аймгийн Мандал сумын “Халуун рашаан”-ы урд уулын энгэрт /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 14 алба хаагч, 1 автомашинтай 07.12-ны өдрийн 00:28 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр  хороо, 3/61 дүгээр гарамд Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сумын чиглэлд иргэн Т-гийн жолоодож явсан “Сонато 6” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ замын зорчих хэсгийн хажуу руу унаж, автомашины бүхээгийн төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 26 км замыг туулан 21:11 цагт очиж, Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Т /52 настай, эрэгтэй/, Г /57 настай, эмэгтэй/, Ц /98 настай, эмэгтэй/ нарыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Далангийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 52 км-т, сумын төвд/ иргэн О /46 настай, эрэгтэй/ 07.10-ны өдрийн 18:20 цагийн орчим “Мөрөн” голын усанд живсэн тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 15 ажилтан, ар гэрийн 15 иргэн, нийт 37 хүн, 6 техник хэрэгсэлтэй “Далайн-Ам” гэдэг газраас “Тултын тохой” гэдэг газар хүртэл “Мөрөн” голын усаар 40 км-т завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.11-ний өдрийн 21:27 цагт иргэн О-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 10 км-т “Алтан-Уул” гэдэг газраас олж гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Өндөр хүр” гэдэг газар   /аймгийн төвөөс  баруун урд зүгт 25 км-т, сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ тус аймгийн харьяат иргэн Ө /48 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн  8 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, нийт 10 алба хаагч, 3 автомашин, 1 завьтай “Өндөр хүр” гэдэг газраас “Орхон” голын эрэг дагуу 5 км-ийн тойрогт 2 удаа самналт хийж, 2 метрийн гүнд 2 удаа шумбалтыг хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон. 07.12-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн 3 дугаар буудал, “Туул” голд  цогцос байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 15:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 15:36 цагт очиж, нэр хаяг тодорхойгүй, 35-40 орчим  настай, эрэгтэй хүний цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Гачууртын Могойн дэнж” гэдэг газар “Туул” голд цогцос байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч Үндэсний аврах бригадын завьт эргүүлийн 8 алба хаагч Өвөрхангай аймгийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ”Оцон чулуу“ гэдэг газар /аймгийн  төвөөс зүүн  хойд зүгт 4 км-т/ “Буянт” голд цогцос байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 16:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 17:03 цагт очиж, 01:05 цаг ажиллаж тус сумын харьяат иргэн С /29 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Баянзүрхийн  гүүр”-ийн дээд талд ”Туул” голд иргэн Э-гийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ суусан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 21,5 км замыг туулан 01:35 цагт очиж, Сүхбаатар аймгийн харьяат иргэн Э /53 настай, эрэгтэй/, Э /36 настай, эрэгтэй/, Э /33 настай, эмэгтэй/, З /6 настай, эмэгтэй/ нарыг автомашины хамт голоос татаж гарган, иргэн Э-г эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

6.Мэдээлэл:

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багт иргэн М-ийн 5 ханатай гэр 07.11-ийн өдрийн 13:20 цагт шатсан тухай мэдээллийг 07.11-ийн өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын 12 ажилтан, 1 автомашинтай 0,4 км замыг туулан 13:24 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг ЗДТГ-ын дарга Л.Цэнгэл аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Ховд аймгийн Дарви сумын Булган багийн задгайд /аймгийн төвөөс баруун урд зүгт 205 км-т, сумын төвөөс урд зүгт 1км-т/ иргэн У-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 18:26 цагт хүлээн авсан. Орон нутгийн 21 иргэн, 2 автомашинтай 1 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top