Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

    Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 28-33 градус, Баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно.  Салхи баруун хойноос 5-10 м/с. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн  аймгуудын нутгаар, 13-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд зарим нутгаар 15-17 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Рашаан”-ы 13 дугаар гудамжинд Иргэн П-ын 8х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 02:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 03:00 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бүргэд багийн 3 дугаар гудамжинд Өлгий сумын иргэн А-ын хашаанд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 1 км зам 16:22 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багийн 26 дугаар гудамжинд иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 23:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам 23:40 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /43 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын харьяа ҮАБ-ын 8 алба хаагч, 1 автомашин, 1 завь, тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, 1 завь, нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.08-ны өдрийн 12:35 цагт тус сумын  Тахилгат багийн ”Цантын хушуу” гэдэг газраас /“Хэрлэнгийн гүүр”-нээс зүүн  зүгт 38 км-т/ осолдсон иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн баруун далан дагуу зам засварын ажил хийж байсан иргэн А-ийн экскаватор үерийн далан руу унаж болзошгүй тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 23:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 9 км зам туулан 23:33 цагт очиж, 30 минут ажиллаж, экскаватороор бэхэлгээ хийн татан гаргаж аюулгүй болгосон.

scroll to top