Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс амьдрах орчны нөхцөл байдалд үнэлгээ хийж тойм байдлаар тодорхойллоо – БОАЖГ-ын зүүн талд байрлах барилгыг тойруулан барьсан хашаа нь салхинд хийссэн байдалтай, тарж бутарсан байгаа нь маш их эрсдэл дагуулж байгаа бөгөөд хүүхэд унах, хүчтэй салхи шуурганд хашааны төмрүүд хийсч, хүний амь нас болон эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй байна.
– Баригдаж байгаа барилгууд ойр орчимдоо анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, өндрөөс эд зүйлс унахад хамгаалалтын тор татаагүй байна. Тухайлбал Залуус хорооллын баригдаж байгаа барилгын хажуугаар явахад дээрээс барилгын материал, эд зүйлс гэх мэт зүйл унаж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй байна.
– Наадмын талбайн дээврийн төмрүүд салхинд хууларч, эвдэрсэн. Мөн хүчтэй салхи шуурганд өртөх эрсдэлтэй байна.
– Аймгийн төв болон гэр хорооллын өндөр хүчдэлийн шугам, сүлжээний кабель унжиж, хэт доор байрласан байна. Тухайн цахилгааны кабельд машин техник хүрэх болон салхи шуурганд өртөх эрсдэлтэй байна.
– Ус зайлуулах хоолой буюу үерийн суваг шуудуу элс шороо, хог хаягдлаар дүүрч, ус зайлуулах хоолой битүүрсэн.
– Боржигон багт байрлах гүүрүүд эвдэрсэн. Улмаар хүүхдүүд гүүрэн дээр тоглож, гэмтэх эрсдэлтэй байна.
– Өндөр барилгуудын дээвэрт гарах хаалтуудыг хааж, цоожлоогүйн улмаас хүүхдүүд дээвэр дээр гарах, улмаар осолдож, амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байна.
– Бохир усны худгийн таг эвдэрсэн онгорхой байгаа нь хүн унах, машин цөмрөх эрсдэлийг үүсгэж болзошгүй байна.
Иймд хариуцсан байгууллагууд эрсдэлтэй гэж тусгагдсан ажлуудыг амьдрах орчны эрсдэлийг бууруулах зорилгоор арга хэмжээ зохион байгуулж ажиллах тухай албан шаардлагыг хүргүүллээ.




