Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын тавдугаар зүйлийн 5.1-д зааснаар “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэхь долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана” гэж шийдвэрлэсэн.
Энэ удаагийн дадлага сургууль нь Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй стратегийн команд штабын сургуультай холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 16:00 цагт явагдахаар төлөвлөгдөөд байна.
Иргэн та дадлага сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч харъяа аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангаарай.
Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үед хийх 3 алхам
- Эхний дохио дуугархад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
- Хоёр дахь дохио дуугархад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбайруу гарах,
- Гурав дахь дохио дуугархад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.
