Хүчтэй орсон борооны улмаас Дундговь аймгийн Сайнцагаан сумын зарим хэсэг усанд автсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын “Шуурхай бүлэг” хуралдан усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, ус зайлуулах, шаардлагатай газруудад далан шуудуу гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагын дарга нарт өглөө.
Борооны улмаас зарим барилгуудын зоорийн давхар, тогтоол усны ойролцоох айлууд усанд автаж, Сайнцагаан сумын мэргэжлийн анги, Дундговь Ус ОНӨААТҮГ, Онцгой байдлын газрын алба хаагчид усыг шавхах, далан, шуудуу татах ажлыг зохион байгуулж байна.
2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 05:00 цагийн байдлаар Онцгой байдлын газрын 7059101 дугаарын утсанд 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч хор уршгийг арилган хохирлын хэмжээг бууруулахаар ажиллаж байна.
Ус цаг уур орчны шинжилгээний газраас 7 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ний өдрүүдэд дуу, цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлсэн тул иргэн та бүхэн үер усны ослоос амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ үү.
– Усны хаялга, урсац бүхий газар гэр сууцаа барихгүй байх, барьсан тохиолдолд нүүн шилжих арга хэмжээг зохион байгуулах,
– Далан, шуудуу татаж ус зайлуулах шугамыг урьдчилан бэлтгэх,
– Цахилгааны гэмтэл үүсэхээс сэргийлэх, цахилгаан хэрэгслийг хараа хяналтгүй ажиллуулахгүй байхыг анхааруулж байна

