Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх Улсын Онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон онцгой комиссын гишүүд хуралдаж “Тарваган тахал” өвчнөөс урьдчилан сэргийлэх хорио цээрийг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын А0201, А0202 авто замын төлбөр хураах цэгт хяналтын постыг 24 цагаар ажиллуулах зохицуулалтыг хийж ажиллаж байна.

тарваган тахал өвчний тухайд: Дэлхий дээр 235 зүйл мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлаар өвчилдөг. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг нь манай орны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд экологи-газар зүйн онцлогийг харгалзан тарваган тахлын байгалийн голомтыг уулт-хээрийн, тал-хээрийн, говь-хээрийн гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваадаг.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 28,3 % буюу 18 аймгийн 132 сумдын 443,3 км2 талбай тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд байгалийн голомтонд мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлын агуулагчийн үүргийг гүйцэтгэдэг ба хээрийн бүсэд араатан амьтад, мачин шувууд тодорхой хэмжээгээр оролцдог. Гэрийн тэжээвэр амьтдаас тэмээ тарваган тахлаар өвчлөх тохиолдол байдаг. Тарваганаас үүдэлтэй тарваган тахлын голомтын улиралчлал 4-р сараас сэргэн идэвхжиж, 8-9 сард идэвхжлийн оргил үедээ хүрч 10-р сарын дунд үеэс намжмал байдалд ордог байна.
